Copy trading гэж юу вэ, хэрхэн ажилладаг вэ?
Copy trading гэж юу болох, хэрхэн ажилладаг, мөн хэн нэгэн арилжаачныг хуулбарлахаас өмнө тухайн арилжаачны эрсдэл болон стратегийг хэрхэн үнэлэхийг олж мэдээрэй. Бид бодит давуу тал, эрсдэлийг нь авч үзэх бөгөөд ингэснээр та энэ нь өөрийн хүссэн арилжааны арга барилд тохирох эсэхийг дүгнэх боломжтой.
Шаардлага хангасан харилцагчид MT4 эсвэл MT5 дансаа холбон Pepperstone-ийн CopyTrading үйлчилгээг ашиглах, эсвэл cTrader Copy-оор дамжуулан хуулбар арилжаа хийх боломжтой. Хэрэглэгчид хуулбарлаж эхлэхээсээ өмнө арилжаачдын мэдээллийг үзэж, хуваарилах хөрөнгийн хэмжээгээ сонгон, тохирох эрсдэлийн тохиргоог хийх боломжтой. Үйлчилгээний боломж нь бүс нутаг болон хуулийн этгээдээс хамааран өөр байна.
-min.jpg)
Written by: Gwyneth Lim | Copywriter
Copy trading гэж юу вэ?
Товчхондоо, Copy trading гэдэг нь туршлагатай арилжаачдын арилжааг бодит цаг хугацаанд автоматаар даган хийх арга юм. Гэхдээ Copy trading нь эрсдэлтэй бөгөөд холбогдох эрсдэлийг ойлгосон байх шаардлагатай. Та арилжаачнаа сонгож, нөхцөлөө тохируулаад стратегийг нь даган арилжаална.
Зарим платформ үүнийг нэг үгээр “copytrading” гэж нэрлэдэг. Манай үйлчилгээг ч мөн адил: CopyTrading by Pepperstone гэж нэрлэдэг бөгөөд CFD арилжааг даган хийх боломжийг олгодог. Бусад платформ үүнийг “trade replication” эсвэл “copying trades” гэж нэрлэдэг. Эдгээр нь бүгд ижил механизмыг илэрхийлдэг.
Copy trading хэрхэн ажилладаг вэ
Тэгэхээр энэ нь хэрхэн ажилладаг вэ? Эхлээд та арилжааны түүх, стратеги болон эрсдэлийн түвшинд нь үндэслэн дагах арилжаачнаа сонгоно. Арилжаачнаа сонгосны дараа дансныхаа хэдий хэмжээний хөрөнгийг түүнд хуваарилахаа шийднэ. Үүнээс хойших арилжааны үйл явцыг платформ автоматаар гүйцэтгэнэ. Таны дагаж буй арилжаачин шинэ арилжаа нээх бүрд таны дансанд хуваарилсан хөрөнгийн хэмжээнд тохирсон арилжаа нээгдэж, арилжаагаа хаахад таны арилжаа мөн хаагдана. Та тухайн арилжаачны дансны үлдэгдлийг хуулбарлахгүй, харин түүний арилжааг өөрийн хуваарилсан хөрөнгийн хэмжээнд тохируулан даган хийнэ.
Ийнхүү арилжааны хэмжээг хувь тэнцүүлэн тохируулдаг тул Copy trading-ийг ямар ч хэмжээний дансанд ашиглах боломжтой. Мөн ижил арилжааг дагаж байсан ч таны үр дүн тухайн арилжаачныхаас бага зэрэг ялгаатай байж болно. Учир нь арилжаа гүйцэтгэгдэх хугацаа, спред болон шимтгэл зэрэг хүчин зүйлс үр дүнд нөлөөлнө.
Оролцогчид: арилжаа санал болгогч болон даган арилжаалагч
Copy trading арилжаа бүр хоёр талтай. Арилжаа санал болгогч нь бусдад тодорхой төлбөртэйгээр өөрийн стратегийг дагах боломж олгосон, арилжааны түүх нь нийтэд нээлттэй арилжаачин юм. Даган арилжаалагч нь тухайн арилжаачны арилжааг өөрийн дансанд даган хийж буй та эсвэл бусад хэрэглэгч юм. Зарим платформ дээр та аль алинаар нь оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл, бусдын арилжааг даган арилжаалахын зэрэгцээ өөрөө арилжаа санал болгогч болж, бусдад өөрийн арилжааг дагах боломж олгож болно.
Copy trading-н платформууд
Pepperstone-д Copy trading-ийг MT4 болон MT5 дээр CopyTrading by Pepperstone, харин cTrader дээр cTrader Copy-оор дамжуулан ашиглах боломжтой. Аль платформыг ашиглахаас үл хамааран ажиллах зарчим нь ижил: та арилжаачдын профайлыг үзэж, арилжааны түүх болон стратегийг нь судлаад, даган арилжаалахаасаа өмнө хуваарилах хөрөнгийн хэмжээ болон эрсдэлийн хязгаараа өөрөө тохируулна.
Арилжаачны зөвхөн нийт өгөөжийг бус, арилжааны түүхийг нь бүрэн харах боломжтой, мөн Copy trading-ийг хүссэн үедээ тохируулах эсвэл зогсоох боломж олгодог платформыг сонгоорой. Та итгэл алдсан арилжаачнаа үргэлжлүүлэн дагах шаардлагатай мэт нөхцөлд хэзээ ч орох ёсгүй.
Арилжаачны гүйцэтгэл болон стратегийг хэрхэн үнэлэх вэ
Арилжаачны нийт өгөөж нь хамгийн хялбар харагдах үзүүлэлт боловч энэ нь бодит байдлыг бүрэн харуулахгүй. Хэн нэгний арилжааг дагахаасаа өмнө тухайн үр дүн хэрхэн бий болсныг судлах нь зүйтэй.
Тоон үзүүлэлтүүд юуг харуулдаг, юуг харуулдаггүй вэ
Нийт өгөөж нь арилжаачин хэр хэмжээний ашиг олсныг харуулдаг ч түүнийг хэрхэн олсон, ямар хэмжээний эрсдэл хүлээснийг харуулдаггүй. Хоёр арилжаачин ижил өгөөжтэй байсан ч арилжааны хэв маяг нь эрс ялгаатай байж болно. Нэг нь бага хэмжээтэй арилжааг тогтвортой хийдэг бол нөгөө нь өндөр хөшүүрэгтэй, их хэмжээний цөөн хэдэн эрсдэлтэй арилжаа хийж, тэдгээр нь амжилттай болсон байж болно. Ялангуяа зах зээлийн өөр өөр нөхцөлийг хамарсан урт хугацааны арилжааны түүх нь хэдхэн сарын өндөр үзүүлэлтээс илүү бодит мэдээлэл өгдөг. Өмнөх гүйцэтгэл хэчнээн сайн байсан ч цаашдын үр дүнг урьдчилан тодорхойлохгүй.
Дансны үнийн бууралтыг ойлгох нь
Дансны үнийн бууралт нь дансны үнэ цэнэ хамгийн дээд түвшнээсээ сэргэхээс өмнө хэр хэмжээгээр буурсныг харуулдаг бөгөөд дансны үнийн хамгийн их бууралт нь тухайн арилжаачны түүхэн дэх хамгийн их бууралтыг илэрхийлнэ. Энэ нь арилжаачин бодитоор хэр хэмжээний эрсдэл хүлээж байгааг харуулах хамгийн тодорхой үзүүлэлтүүдийн нэг юм. Дансны үнэ нь мэдэгдэхүйц буурч байгаагүй арилжаачин эрсдэлээ маш сайн удирддаг байж болох ч, эсвэл зах зээлийн хүнд нөхцөлд хараахан соригдоогүй байж болно.
Анхаарах бусад үзүүлэлтүүд
- Арилжааны давтамж болон хэв маяг жишээлбэл өдрийн арилжаа, свинг арилжаа эсвэл урт хугацааны арилжаа эсэх, мөн энэ нь та дансаа хэр ойрхон хянахыг хүсэж байгаатай нийцэж байгаа эсэх.
- Арилжаачин ямар зах зээл, арилжааны хэрэгслүүдэд төвлөрдөг, мөн тэдгээр нь таны багц дахь бусад хөрөнгөтэй давхцаж байгаа эсэх.
- Тухайн арилжаачин арилжаагаа нийтэд нээлттэйгээр хэр удаан хийсэн, мөн стратеги нь зах зээлийн өөр өөр нөхцөлд үр дүнтэй байсан эсэх.
- Платформ нь зөвхөн сонгож харуулсан мэдээлэл бус, арилжаачны арилжааны түүхийг бүхэлд нь хэр ил тод харуулдаг эсэх.

Copy trading хийх үеийн эрсдэлийн удирдлага
Copy trading нь эрсдэлийг арилгадаггүй. Арилжааны шийдвэрийг өөр хүнд даатгадаг ч санхүүгийн эрсдэлийг та өөрөө хүлээнэ. Тиймээс уг эрсдэлийг удирдах нь таны үүрэг хэвээр байна. Дансаа эрсдэлээс хамгаалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай арилжааны эрсдэлийн удирдлагын гарын авлагаас үзнэ үү.
Арилжаанд хөрөнгө хуваарилах болон хэмжээг тохируулах
Аливаа арилжаачинд хэр хэмжээний хөрөнгө хуваарилах нь таны дансны хэдий хэмжээний хөрөнгө тухайн арилжаачны шийдвэрээс хамаарахыг тодорхойлно. Арилжааны түүх нь хэчнээн сайн харагдаж байсан ч тухайн арилжаачинд бага хэмжээний хөрөнгө хуваарилах нь амжилтгүй арилжааны үед учрах алдагдлыг хязгаарлахад тусална.
Олон арилжаачинд хуваарилах
Өөр өөр стратеги, зах зээл болон эрсдэлийн түвшинтэй хэд хэдэн арилжаачныг дагах нь эрсдэлийг зөвхөн нэг арилжаачны шийдвэрээс хамааралтай болгохгүйгээр тараан хуваарилахад тусална. Нэг арилжаачны хувьд тухайн сар амжилтгүй байсан ч таны багц дахь бусад арилжаачны үр дүн адил байх албагүй.
Яагаад өмнөх гүйцэтгэл ирээдүйн үр дүнг тодорхойлдоггүй вэ
Арилжаачны арилжааны түүх нь тухайн үеийн зах зээлийн нөхцөлд ямар арга барил нь өнөөг хүртэл үр дүнтэй байсныг л харуулдаг. Зах зээлийн нөхцөл өөрчлөгддөг. Тогтвортой нэг чиглэлд хөдөлж буй зах зээлд сайн ажилласан стратеги ханш тогтворгүй, чиглэл тодорхойгүй үед үр дүн муутай байж болох бөгөөд эсрэгээрээ ч байж болно. Өмнөх гүйцэтгэлийг ирээдүйн төсөөлөл бус, зөвхөн өмнөх үр дүнгийн мэдээлэл гэж үзээрэй.
Яагаад арилжааны амжилтын хувиас эрсдэлийн удирдлага илүү чухал вэ
Арилжааны амжилтын хувь өндөр байх нь сайн үзүүлэлт мэт боловч ашиг болон алдагдлын хэмжээний харьцааг харуулдаггүй. Арван арилжааны наймд нь ашиг олсон ч үлдсэн хоёр арилжааны алдагдлыг хязгаарлаагүй бол арилжаачин нийт дүнгээрээ алдагдал хүлээж болно. Тиймээс арилжаачин хэр олон удаа ашиг олдгоос илүүтэй алдагдалтай арилжаагаа хэрхэн удирддаг, арилжааны хэмжээг хэрхэн тохируулдаг, стоп-лосс болон дансны үнийн хамгийн их бууралтын хязгаарыг хэрхэн ашигладаг зэргийг анхаарах нь зүйтэй.
Copy trading-ийн давуу тал ба эрсдэл
Copy trading нь давуу талтай ч түүнийг дагалдах эрсдэлүүд мөн бий. Давуу тал болон эрсдэлийг зэрэгцүүлэн авч үзэх нь танд тохирох эсэхийг шийдэхэд тусална.
| Давуу талууд | Эрсдэлүүд |
| Арилжаа бүрийг өөрөө судлах шаардлагагүйгээр өөр арилжаачны стратеги болон зах зээлийн мэдлэгийг ашиглах боломж олгоно. | Гэхдээ та тухайн арилжаачны шийдвэр, тэр дундаа алдаанаас нь хамааралтай хэвээр байх бөгөөд санхүүгийн үр дүнг та өөрөө хүлээнэ. |
| Хэд хэдэн арилжаачныг дагаснаар өөр өөр стратеги болон зах зээлд хөрөнгөө тараан хуваарилах боломжтой. | Ийнхүү тараан хуваарилах нь нэг чиглэлд хэт төвлөрөх эрсдэлийг бууруулдаг ч зах зээлийн эрсдэлийг арилгахгүй. Хоорондоо хамааралтай зах зээлүүд ижил чиглэлд зэрэг хөдөлж болно. |
| Анхлан арилжаалагчдад зах зээлийн талаарх ойлголтоо хөгжүүлэхийн зэрэгцээ арилжаанд оролцох боломж олгоно. | Гэхдээ энэ нь эрсдэлийг өөрөө ойлгох шаардлагыг орлохгүй. Хуулбарласан арилжаанаас үүссэн алдагдлыг та өөрөө хүлээнэ. |
| Хөрөнгө хуваарилахаасаа өмнө арилжаачны арилжааны түүх, стратеги болон эрсдэлийн үзүүлэлтүүдийг бүрэн харах боломж олгоно. | Өмнөх гүйцэтгэлийн мэдээлэл хичнээн дэлгэрэнгүй байсан ч ирээдүйн үр дүнгийн баталгаа болохгүй. |
| Та хуваарилах хөрөнгийн хэмжээгээ өөрөө хянах бөгөөд хүссэн үедээ тухайн арилжаачныг дагахаа тохируулах эсвэл зогсоох боломжтой. | Богино хугацааны үр дүнд үндэслэн ойр ойрхон өөрчлөлт хийх нь урт хугацааны стратегийг дагахын давуу талыг бууруулж болзошгүй. |
Эдгээр нь Copy trading-ийг CFD-г өөрөө шууд арилжаалахаас илүү аюулгүй эсвэл илүү эрсдэлтэй болгодог гэсэн үг биш. Зөвхөн арилжааны шийдвэрийг хэн гаргаж байгааг өөрчилдөг. Аль ч тохиолдолд алдагдлын эрсдэлийг та өөрөө хүлээнэ.
Copy trading хэр үр дүнтэй вэ?
Copy trading нь зориулалтынхаа дагуу өөр арилжаачны арилжааг таны хуваарилсан хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн, та өөрөө арилжаа нээх шаардлагагүйгээр таны дансанд автоматаар даган хийх боломжийг олгодог. Энэ нь танд ашигтай үр дүн авчрах эсэх нь таны дагаж буй арилжаачин, түүний арилжаалдаг зах зээл болон та хоёрын аль аль нь хянах боломжгүй зах зээлийн нөхцөлөөс бүрэн хамаарна. CFD нь хөшүүрэг ашигладаг, нарийн төвөгтэй бүтээгдэхүүн бөгөөд жижиг хөрөнгө оруулагчдын ихэнх данс CFD арилжаанаас алдагдал хүлээдэг. Одоогоор Pepperstone-ийн жижиг хөрөнгө оруулагчдын дансны 79.6% нь алдагдал хүлээж байна. Copy trading нь энэхүү үндсэн эрсдэлийг өөрчлөхгүй, зөвхөн арилжааны шийдвэрийг хэн гаргахыг өөрчилнө. Хэрэв та Copy trading ашиглахаар шийдвэл бусад CFD арилжааны нэгэн адил эрсдэлийг бүрэн ойлгож, зөвхөн алдаж болох хэмжээний хөрөнгөөр арилжаалаарай.
Зардал болон төлбөр
Pepperstone нь зөвхөн арилжааг даган хийхэд зориулсан платформын тусдаа хураамж авдаггүй. Таны төлөх төлбөр нь дагаж буй арилжаачнаас хамаарна. Зарим арилжаачин өөрийн арилжааг даган хийхэд ямар ч төлбөр авдаггүй. Харин зарим нь гүйцэтгэлд суурилсан төлбөр авдаг бөгөөд тэдний арилжааг дагаснаар таны дансанд бий болсон ашгийн тодорхой хувийг төлбөр болгон авна. Энэ нь ихэвчлэн 20% байдаг ч арилжаачин бүрд өөр байж болно. Та дагаж хийсэн арилжаанаас нь ашиг хүртээгүй бол гүйцэтгэлийн төлбөр авахгүй.
Харин өөрөө дохио нийлүүлэгч болох нөхцөл өөр. Pepperstone-д дохио нийлүүлэгчээр бүртгүүлэхэд хамгийн багадаа $500 байршуулах шаардлагатай. Энэ нь бусдын арилжааг даган хийхэд шаардагдах хөрөнгөөс тусдаа нөхцөл юм.
Copy trading эхлүүлэхэд хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ
Pepperstone-д Copy trading эхлүүлэхэд таны арилжааны дансны өөрийн хамгийн бага депозитын шаардлагаас гадна Copy trading-д зориулсан тусдаа хамгийн бага депозитын шаардлага байхгүй.
Арилжааны хэмжээ болон эрсдэлийн үзүүлэлтүүдийг тохируулах
Хуулбарлах арилжааны хэмжээг өөрийн дансанд хэрхэн тохируулахаа сонгох боломжтой: өөрийн хөрөнгө эсвэл дансны үлдэгдэлд тулгуурлан хувь тэнцүүлэн тохируулах, тогтмол хэмжээ тогтоох, эсвэл арилжаа санал болгогчийн арилжааны хэмжээг яг адилхан дагах боломжтой. Хэрэв та арилжаачны стратегийг дагахыг хүсэж байгаа ч түүний арилжааны хэмжээг яг адилхан ашиглахыг хүсэхгүй бол арилжааны хэмжээг өөртөө тохируулж болно.
Мөн та дансны үнийн хамгийн их бууралтын хязгаарыг өөрөө тогтоох боломжтой бөгөөд уг хязгаарт хүрмэгц Copy trading автоматаар зогсоно. Үүнээс гадна стандарт стоп-лосс ашиглах боломжтой. Эдгээр тохиргоо нь арилжаа санал болгогчийн өөртөө тохируулсан нөхцөлөөс тусдаа үйлчилдэг тул өөрийн эрсдэлийг хянах нэмэлт боломж олгоно.
Хэний арилжааг дагахаа хэрхэн сонгох вэ
Аль арилжаачныг дагах нь зүйтэйг дан ганц үзүүлэлтээр бүрэн тодорхойлох боломжгүй. Анхаарах хэрэгтэй үзүүлэлтүүдэд тухайн арилжаачин арилжаагаа нийтэд нээлттэйгээр хэр удаан хийсэн, дансны үнийн хамгийн их бууралт, голчлон арилжаалдаг зах зээл болон арилжааны хэрэгслүүд, мөн платформ түүний арилжааны түүхийг зөвхөн сайн үр дүнгээр хязгаарлахгүйгээр хэр бүрэн харуулдаг зэрэг орно. Зөвхөн амжилттай саруудын үр дүнгээ харуулдаг арилжаачнаас илүү ашиг болон алдагдлаа аль алиныг нь ил тод харуулдаг арилжаачин илүү найдвартай гэж үзэх нь бий.
Арилжаачныг дагахаасаа өмнө анхаарах асуултууд
- Түүний арилжааны түүх хэр урт хугацааг хамардаг, зах зээлийн өөр өөр нөхцөлд стратеги нь хэр үр дүнтэй байсан бэ?
- Дансны үнийн хамгийн их бууралт нь хэд вэ, мөн энэ нь таны хүлээн зөвшөөрөх боломжтой алдагдлын хэмжээтэй хэр нийцэж байна вэ?
- Тэр ямар зах зээл болон арилжааны хэрэгслүүдээр арилжаалдаг, тэдгээр нь таны багцын бусад хөрөнгөтэй хэр нийцэж байна вэ?
- Тэр эрсдэл болон арилжааны хэмжээг хэрхэн удирдаж, стоп-лоссыг хэрхэн ашигладаг, алдагдалтай арилжааг хэрхэн зохицуулдаг вэ?
- Түүний төлбөрийн бүтэц ямар бөгөөд төлбөрийг хэрхэн тооцдог вэ?

Copy trading ба mirror trading-ийн ялгаа
Copy trading, social trading болон mirror trading гэсэн нэр томьёог заримдаа ижил утгаар хэрэглэдэг ч эдгээр нь гурван өөр ойлголт юм. Copy trading нь тодорхой нэг арилжаачны арилжааг таны дансанд автоматаар даган хийдэг бөгөөд ихэнх тохиолдолд та хуваарилсан хөрөнгийн хэмжээгээ өөрчлөх эсвэл тухайн арилжаачныг дагахаа хүссэн үедээ зогсоох боломжтой. Social trading нь илүү өргөн ойлголт бөгөөд арилжааг нь заавал даган хийхгүйгээр олон арилжаачнаас бүрдсэн нийгэмлэгийг дагах, санал бодлоо солилцох, тэднээс суралцахыг хэлнэ. Mirror trading нь тодорхой нэг арилжаачныг бус, урьдчилан тодорхойлсон, ихэвчлэн алгоритмд суурилсан стратегийг бүхэлд нь даган хэрэгжүүлдэг бөгөөд өөрийн хүссэн арилжааг сонгох боломж харьцангуй бага байдаг. Хэрэв та ямар арилжааг дагах болон хэнийг дагахаа өөрөө хянахыг хүсвэл Copy trading илүү тохиромжтой байж болно. Харин стратегийг бүхэлд нь өөрчлөлтгүйгээр дагахыг хүсвэл mirror trading танд илүү тохиромжтой байж болно.
Гол санаанууд
Copy trading нь арилжаа бүрийг өөрөө хийхгүйгээр өөр арилжаачны стратегийг дагах боломж олгодог. Гэхдээ энэ нь алдагдлын эрсдэлийг арилгахгүй. Арилжааны шийдвэрийг өөр хүн гаргах боловч санхүүгийн үр дүнг та өөрөө хүлээнэ. Ашиг орлогоос гадна дансны үнийн бууралтаа ил тод харуулдаг арилжаачдыг сонгох нь илүү мэдээлэлтэй шийдвэр гаргахад тусална. Мөн зарим даган арилжаалагч зөвхөн нэг арилжаачны гүйцэтгэлд найдахын оронд хэд хэдэн арилжаа санал болгогчид хөрөнгөө хуваарилдаг. Гэхдээ энэ нь таны эрсдэл хүлээх чадвараас хамаарах хувийн шийдвэр юм.
Харин та өөрийн дүрэмд суурилсан арилжааны арга барилыг бий болгохыг хүсвэл автомат арилжаа, алгоритмын арилжаа болон сайн Мэргэжлийн зөвлөх сонгохдоо юуг анхаарах тухай манай гарын авлагуудаас өөр хувилбарын талаар дэлгэрэнгүй үзэх боломжтой.